Х.ӨНӨРЖАРГАЛ: ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙГЭЭР 2030 ОНТОЙ ЗОЛГОХОД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРД 5 КМ/ЦАГ БОЛОХ СУДАЛГАА ГАРСАН

2025.04.30322 үзсэн
Х.ӨНӨРЖАРГАЛ: ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙГЭЭР 2030 ОНТОЙ ЗОЛГОХОД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРД 5 КМ/ЦАГ БОЛОХ СУДАЛГАА ГАРСАН

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийгсудалгаа шинжилгээнд суурилан хөгжүүлэхээр

 “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийгсудалгаа шинжилгээнд суурилан хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргалтай нийтийн тээврийн төсөл хөтөлбөрийн судалгааны талаар тодруулж ярилцлаа.  

- Нийслэлд нийт 24 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд судалгаагүйгээр ажиллах боломжгүй. Эдгээр 24 мега төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил ямар шатандаа хэрэгжиж байна вэ?  

Мега төслүүдийг ТЭЗҮ боловсруулах явцаар нь эрэмбэлэн авч үзвэл 24 төслийн 38 хувь нь ТЭЗҮ бүрэн дууссан, 29 хувь нь 50-с дээш хувийн гүйцэтгэлтэй, 33 хувь нь 50-иас доош хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, зам тээврийн 10, хот байгуулалтын 4, аялал жуулчлал хөгжүүлэлтийн 2, эрчим хүч, аж үйлдвэрийн 6, усны нөөцийн менежмент 2 төсөл хэрэгжиж байгаа юм.  

- Нийслэлээс зарласан мега төслүүдийг хэрэгжүүлэхгүй бол бид ирээдүйд ямар хотод амьдрах вэ?  

Энэ асуултад хариулахын тулд өнөөдрийн үзүүлэлтийг хоёр жилийн өмнөх судалгаатай харьцуулъя. Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд өдрийн нийт зорчилт хөдөлгөөн 2’882’317 байсан бол 2024 онд 3’834’400 байна. Өдрийн нийт зорчилтын 65 хувь нь буюу 2.4 сая нь хувийн машин, 450 мянга орчим нь нийтийн тээврийн зорчигч урсгал бүрдүүлж байна. Цаашид түгжрэлийг бууруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүй буюу дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхгүй бол 2030 онд гэхэд хотын авто замын сүлжээний тээврийн хэрэгслийн хурд 5 км/ц, өдрийн турш түгжрэлтэй байх авто замын сүлжээ 200 км-т
хүрэх судалгаа гарсан байгаа.  

- Нийслэлийн хөгжлийн 24 мега төсөл нь нийтийн тээвэр, авто замын байгууламж, дэд бүтэц зэрэг таван үндсэн салбарт хуваагдаж, бүтээн байгуулалтууд нь эхэлж байна. Өнөөдрийн хувьд, нийтийн тээврийн чиглэлийн төслүүдийг тодруулъя. Зарим иргэдийн зүгээс нэгэн зэрэг олон төсөл хөдөлгөх шаардлага, үндэслэл нь юу вэ гэдэгт хариулт авахыг хүсч байна?  

Их багтаамжийн нийтийн тээврийн таван төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тухайлбал,  

- УБ хотын хэвтээ тэнхлэгийн гол төв магистраль зам болох Энхтайваны өргөн чөлөөний дагуу Улаанбаатар Метро төсөл хэрэгжих бөгөөд өдөрт дунджаар 420’000-464,649 зорчигч/өдөр байх тооцоолол гарсан.  

- Хойд хэвтээ тэнхлэгийн гол гудамж болох Ард Аюушийн өргөн чөлөө Энэбишийн өргөн чөлөө, Их тойруугийн гудамжны иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хотын төвийг бүстэй холбосон Тусгай замын автобус төслийн өдрийн нийт зорчилт хөдөлгөөн 25,000–35,000 зорчигч/өдөр байх тооцоолол гарсан.

- Хотын хойд бүс болон зуслангийн чиглэлээс хотын төвийг холбосон Хөнгөн галт тэрэг /LRT/ төслийн 1-р шугамын өдрийн нийт зорчилт хөдөлгөөн 2030 онд 63’104 зорчилт/өдөр, хотын төвийг Нисэх, Яармагийн бүстэй холбохоор төлөвлөж байгаа Хөнгөн галт тэрэг /LRT/ төслийн 2-р шугамын өдрийн нийт зорчилт хөдөлгөөн 2030 онд 58’708 зорчилт/өдөр байх тооцоолол
гарсан.  

- Яармаг, Арцат–Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн 1-р шугамыг төлөвлөсөн. Өдрийн зорчилт хөдөлгөөн 3500-4000 зорчигч/өдөр байх тооцоолол гарсан.  

- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн 2 дугаар шугам нь иргэдийн зорчилт ихтэй, авто замын сүлжээ өргөтгөх боломжгүй, нийтийн тээврийн хүртээмж муу байгаагаас шалтгаалан тус чиглэлд дүүжин замын тээвэр барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.  

Ингээд хотын авто замын сүлжээний хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу буюу авто замын ачаалал өндөртэй гол гудамж зам дагуу нийтийн тээврийг хөгжүүлж, харин хотын захын болон бусад бүсэд нийтийн тээврийн богино эргэлтийг төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, Их багтаамжийн нийтийн тээврийн болон богино эргэлтийн сүлжээг холбож, зорчигч урсгал ихтэй хэсэгт тээврийн зангилаа төв буюу “TOD” тээвэрт суурилсан хөгжүүлэлтийг хот төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлнэ. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр нийтийн тээврийн зорчигч урсгал 2030 он гэхэд 850’000-950’000-д хүрэх тооцоолол гарсан.

- Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахын тулд ямар судалгааг үндэслэл болгож байгаа вэ? 

Улаанбаатар метро төслийн хүрээнд 2024 оны 4 дүгээр улиралд иргэдээс тээврийн дэд бүтцийн үнэлгээ, замын хөдөлгөөнтэй холбоотой тулгамдсан асуудлуудын талаар санал асуулга явуулсан. Тус судалгаагаар Улаанбаатар хотын тээврийн дэд бүтцийн нөхцөл байдалд 62% нь маш сэтгэл ханамжгүй байна гэж хариулсан. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг үнэлүүлэхэд 34% нь сэтгэл ханамжгүй, 47% нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгсөн нь нийтийн тээврийн паркшинэчлэлт тодорхой хувиар иргэдэд хүрснийг харж болно. Энэ судалгаанд үндэслэж нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

- Туулын хурдны зам төслийг хэвтээ тэнхлэг дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл, шаардлага юу вэ?  

Улаанбаатар хотын хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээний дагууд өдөрт дунджаар 347,000 хувийн тээврийн хэрэгсэл, босоо тэнхлэгийн дагууд 259,500 тээврийн хэрэгсэл зорчиж байна. Үүнээс үүдэж, Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн авто замын сүлжээний дундаж нягтрал нь нэг км ам дөрвөлжин талбайд 2.1 км авто зам ногдож байгаа нь хөдөлгөөний ачаалал үүсэх үндсэн шалтгаан болж байгаа.  

Тиймээс Шинэ тойрог зам, Туулын хурдны замын төлөвлөж Улаанбаатар хотын хэмжээнд бүтэн тойрог замын төлөвлөснөөр хотын төвийн түгжрэлтэй бүс рүү нэвтрэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, хотын хойд болон урд бүс рүү чөлөөтэй зорчих, авто замаа дагаад хотын захын бүсүүд болон дэд төвүүд хөгжих, хот олон төвт хот руу шилжих нөхцөл боломж бүрдэнэ. Хотын иргэд энэ тойрог замын сүлжээ нь авто замын түгжрэлд зарцуулах цаг хугацаа, зам тээврийн зардал буурснаар шууд үр өгөөжийг хүртэх боломжтой болно. Түүнчлэн тус тойрог зам нь хотын тээвэр логистикт маш чухал ач холбогдолтой.  

Нийслэлийн авто замын сүлжээний нягтаршлыг дэлхийн хотуудын авто замын сүлжээний нягтралтай харьцуулж авч үзье л дээ. Бээжин хот 18.9 км/км2, Нью-Йорк хот 37.8 км/км2, Лондон хот 57.0 км/км2, Чикаго хот 64.7 км / км2 тус тус байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хувьд Бээжин хотоос 9 дахин, Нью-Йорк хотоос 18 дахин, Лондон хотоос 27 дахин, Чикаго хотоос даруй 30 дахин их авто замын сүлжээний нягтралтай байгаа нь авто замын сүлжээний хүртээмж маш хангалтгүйг илтгэнэ.  

- Шинэ тойрог замыг Туулын хурдны замтай холбож байгаа. Эдгээр автозамын байгууламжийн төслүүд хэрэгжсэнээр бид түгжрэлгүй зорчих ямар судалгааг та танилцуулах вэ?  

Туулын хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ. Төсөл хэрэгжсэнээр өдрийн дундаж хөдөлгөөний эрчим нь авто замын нэг урсгалд 15,000-23,500 маш/24ц, хоёр урсгалд 28,550-47,450 маш/24ц зорчих тооцоолол гарч байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 50-90 км/ц байх юм. Харин Шинэ тойрог зам нь авто замын хоёр урсгалд 15,800-54,000 маш/хоног зорчих тооцоолол гарч байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 41-60 км/ц байна.  

Мөн бидний хувьд, эрчим хүч, дэд бүтцийн судалгааг боловсруулан ажиллаж байна.  

 

Command Palette

Search for a command to run...