Т.ТҮМЭНЖАРГАЛ: ШИНЭ ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2 КМ УРТ ТУННЕЛЬ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН

Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хотын дэд төвүүдийг холбох “Шинэ Тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төсөл нь Улаанбаатар хотыг тойрсон 24.2 км
Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хотын дэд төвүүдийг холбох “Шинэ Тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төсөл нь Улаанбаатар хотыг тойрсон 24.2 км урттай авто зам, гүүрэн байгууламж, туннель бүхий томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт байх юм. Төслийн явц, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Зөвлөх инженер, Төслийн ахлах инженер Т.Түмэнжаргалтай ярилцлаа.
Төсөл хэрэгжүүлэх болсон шаардлага, үндэслэлээс ярилцлагаа эхэлье?
“Шинэ тойрог зам” төсөл нь Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт багтаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах үндсэн гол зорилготой хэрэгжиж эхэлсэн. Тус төсөл “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Улаанбаатар хотын томоохон асуудлын нэг бол авто замын түгжрэл болсон. Гол гудамж замууд хэт ачаалалтай, ялангуяа өглөө, оройн цагаар хөдөлгөөний нягтрал дээд цэгтээ хүрч байна. Энэ нь хотын төв рүү чиглэсэн авто машины хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой. Иймд “Шинэ тойрог зам” төсөл нь хотын төвийг тойрон гарсан гол гудамж зам байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайвны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул бид хотыг тойрсон гол гудамж замыг барьж байгуулсанаар төвлөрлийг сааруулах бүрэн боломжтой болно. Шинэ тойрог зам нь хотын иргэдийн зам дээр өнгөрөөх цагийг багасгаж, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, авто машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг багасгана.
Нэг болон хоёрдугаар тойрог замын трассын талаар та мэдээлэл өгөөч?
Нэгдүгээр тойрог замын төсөл нь нийслэлийн төвийн бүсээр дайрсан, хотын гол гудамж зам, гудамжуудыг холбосон. Трассын хувьд, Яармагийн шинэ гүүрнээс эхэлж ТЭЦ-3-ын авто замын уулзвартай холбогдоно. Түүнээс цааш Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Энэ нь хотын төвийн авто машины хөдөлгөөнийг хурдыг нэмэгдүүлж, замын ачааллыг бууруулах үүрэгтэй тойрог зам болж байгаа.
Харин хоёрдугаар тойрог замын төсөл нь хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай. Нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна. Ингэснээр хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр холбох мөн тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих юм. Ингэснээр хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.
“Шинэ тойруу”, “Шинэ их тойруу” гэсэн нэршил бий. Энэ нь нэг, хоёрдугаар тойрог замыг илэрхийлж байгаа юм уу, эсвэл өөр төсөл юм уу гэдэгт тайлбар өгвөл?
Нэг төсөл гэж ойлгож болно. Энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Засгийн газрын 173 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн трасс нь “Нэгдүгээр тойрог зам” “Шинэ их тойруу” төслийн трасс нь “ Хоёрдугаар тойрог зам” гэсэн албан ёсны нэршилтэй болсон.
Нэгдүгээр тойрог замын хувьд өмнө нь хэд хэдэн хувилбар яригдаж байсан?
Тийм ээ, “Нэгдүгээр тойрог зам”-ын төслийн хүрээнд трассын дөрвөн хувилбар боловсруулсан. Эдгээр хувилбарыг техникийн үндсэн үзүүлэлтүүд, газар чөлөөлөлтийн нөхцөл байдал, инженерийн дэд бүтцийн уялдаа зэрэг олон хүчин зүйлсээр харьцуулж, иж бүрэн судалгаа хийсэн. Нэгдүгээр тойрог замын нийт урт нь 24.76 км бөгөөд үүнээс 8.92 км гүүр, 2 км туннелтэй байхаар төлөвлөж байна. Зам нь нийт 6 эгнээтэй, гол гудамж замын ангилалд хамаарах бөгөөд тооцоот хурд 80–100 км/цаг. Мөн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах байгууламж, ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилттойгоор төлөвлөсөн. Ерөнхийдөө нэгдүгээр тойрог замын трассын хувилбаруудыг боловсруулахдаа замын хөдөлгөөний эрчимжилт болон зорчилт хөдөлгөөний судалгаа, геологи, геодезийн судалгаа, гидрогеологи зэрэг инженерийн судалгаа, эдийн засаг, нийгмийн суурь судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоо, байгаль орчны төлөв байдлын судалгаанд суурилж боловсруулсан. Эдгээр судалгаанд тулгуурлан техникийн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьд хүрсэн.
Тойрог замын тендерийг хэзээ зарлахаар төлөвлөж байна вэ?
“Нэгдүгээр тойрог зам”-ын нарийвчилсан зураг төсөл боловсруулах, замын барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага сонгон шалгаруулах тендер зарлан 9 дүгээр сарын 01-нээс ажлыг эхлүүлнэ гэсэн шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Харин хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ ямар шатандаа хэрэгжиж байгаа вэ?
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийн геологи, геодезийн судалгаа хийсэн. Замын трассыг 3 хувилбараар боловсруулсан бөгөөд нийгэм, эдийн засгийн судалгаа, усны тооцоо судалгаа, замын хөдөлгөөний эрчимжилтийн судалгаа хийгдээд одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
Тойрог зам төслийн инженерийн гол шийдлүүдийг танилцуулна уу?
“Нэгдүгээр тойрог зам”-ын хувьд Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байгаагүй зарим шинэ инженерийн шийдлүүдийг тусгаж, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологи, стандартуудыг нэвтрүүлэхээр зорьсон. Тухайлбал, Баянхошууны уулзвар орчимд 2 км урт туннел барихаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор туннелийн барилгын ажлын технологи, стандартуудыг төслийн хүрээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллага болон гүйцэтгэгч байгууллагын туннелийн инженерүүдтэй зөвшилцөн, санал солилцож байна.
Туннелийн байршил хаана байх вэ?
“Нэгдүгээр тойрог зам”-ын хэсэг болох Баянхошуу дэд төвийн орчимд өндөрлөг, уулархаг газраар дайран гарч байгаа тул замын налууг норм, дүрэмд нийцүүлэн барихын тулд туннел төлөвлөж байгаа. Тус туннел нь 2 км урттай.
Ямар байршлуудад гүүрэн байгууламж барьж байгаа вэ?
“Нэгдүгээр тойрог зам”-ын төслийн хүрээнд хоёр түвшний уулзварыг нийт 8 байршилд төлөвлөсөн. Хоёр түвшний уулзвар гэдэг нь хоёр зам нэг түвшинд огтлолцохгүй, урсгал нь тус тусдаа, тасралтгүй зорчих боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг замын хөдөлгөөн нөгөөдөө саад болохгүй гэсэн үг. Мөн замын трасс гэр хороололтой, өндөрлөг газар буюу уултай, эсвэл гол горхи дайрсан хэсгээр өнгөрч байгаа тул тухайн нөхцөл байдалд тохируулан гүүрэн байгууламжуудыг төлөвлөсөн. Энэ нь замын хөдөлгөөний тасралтгүй, аюулгүй байдлыг хангах, мөн орчны байгаль экологид үзүүлэх нөлөөллийг багасгах зорилготой юм.
Барилга угсралтын хугацаанд ямар хүндрэлүүд тулгарч болзошгүй вэ?
Газар чөлөөлөлтийн хувьд 3799 нэгж талбар өртсөн. Бидний хувьд хамгийн хүндрэлтэй нөхцөл гэвэл газар чөлөөлөлтийн асуудал юм. Газар чөлөөлөлтөө зохих ёсоор шийдвэрлэж байж зам барилгын ажлаа хийвэл ажил саатахгүй хурдан явах боломж бүрдэнэ. Замын барилга угсралтын ажил хийх газартаа аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохион байгуулалтыг ажил эхлэхээс өмнө хийнэ.
Замын хучилтын зузаан гэж яригддаг. Тойрог замын хувьд ямар хучилт яригдах вэ?
Замын хучилтын хувьд 2 хувилбараар хийж байна. Энэ нь 20 жилийн дараах замын хөдөлгөөний ачааллыг нэвтрүүлэх боломжтой хучилтын хийцийг тооцон сонгоно гэсэн үг . Өнөөдрийн байдлаар хамаарах бүх норм, дүрэм, стандартуудыг хангасан хувилбарууд боловсруулсан. Эдгээр хувилбаруудыг Зам тээврийн яамны дэргэдэх Авто замын салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Танай багийн санал болгож байгаа хучилт нь барилга угсралтын хугацаанд нөлөөлөх үү? 2027 онд дуусгана гэсэн хугацаандаа амжих болов уу?
2027 он гэхэд барилгын ажлыг дуусгах эсэх нь зөвхөн технологиос бус харин тухайн байгууллагын төлөвлөлт, хүчин чадал, зохион байгуулалтаас хамаарна. Жишээлбэл, хэрвээ 2027 онд багтаан дуусгах болбол ямар хэмжээний хүчин чадал, ажиллах хүч шаардлагатайг нарийн тооцоолж, тендерийн бичиг баримтад тусган, тэр түвшинд ажиллах чадавхтай гүйцэтгэгчийг сонгон ажиллуулах шаардлагатай. Ингэснээр барилгын ажил хугацаандаа чанартай хэрэгжих бүрэн боломжтой.
Тойрог зам, Туулын хурдны зам гэж яригдаж байна. Хоёр тусдаа ангиллын авто замууд гэж ойлгож болох уу?
Үндсэндээ хоёулаа гол гудамж замын ангилалд хамаарна. Тойрог зам нь холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан бодлогын баримт бичигт тусгасны дагуу гол гудамж замын ангилалд багтаж байгаа. Харин Туулын хурдны зам нь нэршлээсээ “Хурдны зам” гэж ойлгогдож болох ч үнэн хэрэгтээ мөн гол гудамж замын ангилалтай. Өөрөөр хэлбэл, хурдны зам гэсэн нэртэй боловч төлөвлөлтийн хувьд "Хурдны зам" ангилалын зам биш юм.
Хэрвээ бид жинхэнэ хурдны зам баривал тэр нь зөвхөн зорчих чиглэлдээ л ашиглагдаж, дунд нь бусад замуудаас холбогдох боломжгүй, хотын төвийн хөдөлгөөнд ачаалал бууруулах боломж бага байх бөгөөд иргэдэд хүртээмжтэй байдал нэмэгдэхгүй. Тиймээс одоо хэрэгжиж буй бодлогоор, хотын төвийн хөдөлгөөнийг сааруулах зорилгоор хоёр зам хоёулаа гол гудамж замын ангилалтайгаар төлөвлөгдөж, хэрэгжиж байна. Энэ хоёр зам нийлээд бүтэн тойрог үүсгэх юм.
Тойрог замын төслүүд нь хотын төвд амьдарч байгаа иргэдийн амьдралд нөлөөлж чадах уу?
Хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор баригдаж байгаа тойрог зам нь хотын төвд амьдарч байгаа иргэдийн амьдралд шууд нөлөөлөхөөс гадна замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг сайжруулах чухал ач холбогдолтой. Нэгдүгээр тойрог замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа хийгдсэн бөгөөд тэдгээрээс Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан. Мөн Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх тээвэр Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг нь замын ачааллыг нэмэгдүүлдэг. Хотын төвийн гол гудамж замаар өнгөрүүлэхгүйгээр тойрог замаар явуулах нь ачааллыг бууруулах боломжтой болно. Тойрог зам нь тасралтгүй хөдөлгөөний нөхцөл бүрдүүлж, хотын гол гудамж замуудын түгжрэлийг 11 хувиар бууруулж, хөдөлгөөний дундаж хурдыг 23-60 км/цаг хүртэл нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Цаашид босоо тэнхлэгийн замууд нэмж барьж, түгжрэлийг илүү бууруулах нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр хотын төвөөс хотын зах руу, хотын захаас төв рүү чиглэсэн замын урт багасч, иргэдийн зорчих цаг хугацааг хэмнэснээр тэдний өдөр тутмын амьдралд эерэг нөлөө үзүүлж, хотын авто замын түгжрэлийг эрс бууруулах үр дүнтэй төсөл болох юм.
Төсөл хэрэгжсэнээр трасс дагуух гэр хорооллын айлуудын амьдралыг, орчин нөхцөлийг сайжруулж чадах болов уу?
Шинэ тойрог зам нь хотын төвлөрлийг сааруулах зорилготой. Тус тойрог замын дагуу орших бүс нутгийн айл өрхүүдийн дэд бүтэц, зам тээврийн нөхцөл сайжрах тусам тухайн орчинд амьдрах таатай орчин бүрдэнэ. Ингэснээр иргэд хотын төв рүү төвлөрөхөөс илүүгээр өөрийн оршин суух бүсдээ үлдэж, тухайн нутаг дэвсгэртээ амьдрал, бизнесээ хөгжүүлэх боломж нэмэгддэг. Энэ нь хотын төвийн ачааллыг бууруулах гол хүчин зүйл болдог.
Авто зам болон төмөр замыг хөгжүүлэх нь бусад салбарын үйлдвэржилт өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэдэг?
Эерэг нөлөө үзүүлдэг нь тодорхой. Зам тавьснаар олон асуудлыг шийдэж чаддаг бөгөөд энэ нь зөвхөн тээврийн хөгжил биш, хүн ам, нийгмийн амьдралд чухал өөрчлөлт авчирдаг. Жишээлбэл, хөдөө орон нутагт одоогоор олон салаа шороон замаар зорчихоос үүдэн байгаль орчин ихээр гэмтэх, нэг цэгээс нөгөө цэг рүү явахад 2-3 цаг зарцуулж хүрдэг. Харин зам тавигдсанаар энэ хугацаа 30 минут болж тухайн хүний ажил, амьдрал, эдийн засаг гээд бүх тал дээр эерэг нөлөөтэй. Мөн машины эвдрэл гэмтэл буурч, эрүүл мэнд, нийгмийн хүртээмж сайжирна.
ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотод хийсэн тээврийн хэрэгслийн судалгаагаар хотын нэг захаас нөгөө зах хүртэл одоогийн байдлаар 45 минутаас 80 минут зарцуулдаг бол тойрог зам ашиглалтад орсноор энэ хугацаа 20 минут болж буурах тооцоолол гарсан. Иймээс бизнесийн байгууллагууд хүрэх газраа хурдан очиж дараагийн ажлаа амжуулах боломжтой болно.
Түүнчлэн дэлхийн олон хотын туршлагаас харахад хотын түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл бол тойрог зам байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын Чунчин хот 6 тойрог замтай. Хотын хөгжлийг зөв чиглэлд хөтлөх, төвлөрлийг сааруулахын тулд хамгийн түрүүнд тойрог замуудаа байгуулдаг. Ингэхдээ тойрог замуудыг босоо тэнхлэгийн замуудтай уялдуулж, холбосноор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн богино зайд тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэж, зорчих хугацаа мэдэгдэхүйц багасдаг. Манай хотын хувьд ч замын сүлжээг нэмэхийн зэрэгцээ, тасралтгүй хөдөлгөөнийг бий болгож, босоо тэнхлэгийн замыг зөв төлөвлөж, хэрэгжүүлж байж л бидний хүсч буй хэмжээнд түгжрэлийг бууруулах үр дүн гарах юм.
Таны хувьд салбартаа 25 жилийн туршлагатай, зөвлөх инженер зэрэгтэй. Өмнө нь ямар төслүүдэд ажиллаж байсан бэ?
Анх 2000 онд авто замын инженер мэргэжлээр сургуулиа төгсөөд Дэлхийн банкны төсөлд материалын инженерээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш мэргэжлээсээ нэг ч тасралтгүй өнөөдрийг хүртэл замын чиглэлээр ажиллаж байна. Харин 2021 онд гүүрийн инженерээр төгсөж мэргэжлийн хүрээгээ тэлж, зам гүүрийн инженерийн хос мэргэжилтэй болсон. Ингээд 30 гаруй олон улсын болон дотоодын олон төсөл дээр ерөнхиий инженер, ахлах инженер, авто замын инженер, гүүрийн инженерээр ажилласан.
Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжсэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” буюу Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээс эхлээд барилга угсралтын ажил дуусах хүртэл бүх шатанд нь ажиллаж байгаа. Түүнчлэн Налайх–Чойрын авто зам, Чойроос Сайншанд хүртэлх 176 км замын төслүүдэд ажилласан туршлагатай.
Энэ салбарт ажилласан дийлэнх хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжсэн олон улсын төсөлд ажилласан. Авто зам, гүүрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах болон авто замын барилгын ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээний ажил хийсэн.
Авто замын чанарын хяналт, үнэлгээний аргачлал стандарт, Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын хэмжилтийн гарын авлага боловсруулсан. Мөн уулзварыг сувагчлах, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг залсан уулзвар болон гэрлэн дохионы зохицуулалтгүй нэг төвшний уулзварыг төсөллөх сэдвээр судалгааны ажил хийсэн.