ДЦС-5 ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН САНАЛЫГ 8 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН 10 ЦАГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА

Төсөл хэрэгжүүлэх үндэслэл : Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал өнөөгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжгүй, өвлийн оргил ачааллын үед эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж
Төсөл хэрэгжүүлэх үндэслэл: Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал өнөөгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжгүй, өвлийн оргил ачааллын үед эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, эрчим хүчний хомсдол тогтмол үүссээр ирсэн. Энэ хомсдолыг импортын эрчим хүчээр нөхөж байгаа ч энэхүү арга хэмжээ нь богино хугацааны түр шийдэл төдий бөгөөд эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байна.
Түүнчлэн төвийн бүсийн эрчим хүчний системд ажиллаж буй ихэнх цахилгаан, дулааны эх үүсвэрүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа хэтэрч системийн найдвартай ажиллагааг алдагдах, эвдрэл гарах, зогсолт үүсэх эрсдэл улам бүр нэмэгдсээр байна.
Хүчин чадал: Эрчим хүчний хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэглээг үндэслэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон нийслэлийн дэд бүтцийн хөгжлийн бодлогод эрчим хүчний шинэ эх үүсвэрийг байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ыг шинээр барихаар төлөвлөсөн. Тус станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 болон нэгдүгээр хорооллын дулааны хангамжийг сайжруулж, нийслэлийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Төслийн явц: Төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийгдсэн бөгөөд энэ дагуу тавдугаар сард “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийг зураг төсөл, төсөв боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах тухай урилгыг олон нийтэд зарласан. Сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг түншлэлийн гэрээний төслийн хамт боловсруулж, Нийслэлийн Засаг даргаар батлуулсан билээ. Урьдчилсан шалгаруулалтад нийт 8 оролцогч саналаа ирүүлснээс 4 нь материал ирүүлж, тэдгээрийг хуулийн дагуу шалган үнэлсэн. Үүнээс “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн шаардлагыг хангасан “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК болон “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК нар хураангуй жагсаалтад багтсан. Эдгээр оролцогчид дараагийн шат болох уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлсэн бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цаг хүртэл төслийн саналыг хүлээн авах юм.
Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь эрчим хүчний үнийг тогтвортой болгож, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмэр оруулна. Улмаар эрчим хүчний дэд бүтцийг сайжруулж, цахилгаан түгээх, дамжуулах
байгууламжуудыг шинэчлэх, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн ухаалаг эрчим хүчний технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг хурдасгах, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих чухал төсөл болох юм.