“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН ТРАСС ДАГУУ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро” төслийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргалаар ахл
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро” төслийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргалаар ахлуулсан инженер, мэргэжилтнүүд болон төслийн зөвлөх багийнхан депог төлөвлөсөн талбайд ажиллалаа.
“Улаанбаатар метро” төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр “Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд нийт 19.4 км урттай, 15 өртөөтэй баригдах бөгөөд өртөө хоорондын дундаж зай 1.3 км байхаар ТЭЗҮ-д тусгагдсан. Метроны трасс бүхэлдээ газар доогуур туннель хэлбэрээр баригдах ба зөвхөн эцсийн өртөө буюу депогийн хэсэгт ил байгууламжтай байхаар төлөвлөсөн. Өртөө нь 170 метр урт, 25 метр өргөн хэмжээтэй байх бөгөөд зорчигчийн үйлчилгээ, техникийн төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний зорчих хэсэг зэрэг гурван түвшний зохион байгуулалттай байна. Хөдөлгөөнт бүрэлдэхүүний хувьд, дээд хурд 100 км/цаг, дундаж хурд 36 км/цаг бөгөөд нэг чигийн тээвэрлэлт 36 минут үргэлжилж, бүтэн рейс нь 72 минут болох тооцоо гарсан. Метроны систем бүрэн автомат, жолоочгүй горимд ажиллана. Ингэснээр 4.5 минут тутамд нэг бүрэлдэхүүн хөдөлгөөнд оролцох боломжтой”-г тодотгосон. Мөн метроны депо нь 26.6 га талбайд баригдаж, хөдлөх бүрэлдэхүүний оношилгоо, засвар, угаалга, зогсоол болон удирдлагын төв зэрэг бүх дэд бүтцийг нэг дор төлөвлөсөн”-ийг онцоллоо.
Төслийн зөвлөх “Духуа инженеринг”-ийн механик зураг төслийн инженер Ким Жин Нам “Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн депоны зогсоолыг дулаан, битүү байгууламж төлөвлөлттэйгээр шийдэх бөгөөд засвар үйлчилгээ, техник оношилгоог тогтмол хийх стандарт шаардлагатай. Тиймээс төслийн хүрээнд дэд станц болон бохир ус дахин ашиглах зориулалттай ус цэвэршүүлэх байгууламжийг байгуулна. Мөн метроны хяналтын төв нь зөвхөн галт тэрэгний хөдөлгөөнийг хянахаас гадна өртөөнүүдийн шилэн хаалга, агааржуулалт, холбоо дохиолол зэрэг системийг нэг цэгээс төвлөрүүлэн хянана. Метроны хонгилыг барихад ашигладаг TBM буюу туннель өрөмдлөгийн машинууд нь тус бүр 30 метр урттай, 25 метрийн гүнд ажиллах чадвартай бөгөөд нийт 13 TBM ашиглагдахаар төлөвлөгдсөн. Энэхүү технологи нь суурьшлын бүсэд доргио, чичиргээ үүсгэхгүйгээр ажиллах өндөр давуу талтай бөгөөд метроны анхны шугамыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.
“Духуа инженеринг” ХК-ийн захирал Пак Юүнь Чол “Улаанбаатар метро төслийн хүрээнд дэвшилтэт технологи, автомат удирдлагын шийдлийг Монголын нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий ухаалаг метро системийг хөгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг боловсруулж батлуулаад байна. Төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, ажил урагштай явж байгааг дуулгахад таатай байна. Энэ сацуу Дүүжин замын тээвэр, Метро, Трамвай болон Хурдны зам зэрэг нь манай улсад анхдагч төслүүд учир холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулах, хууль, эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлага тулгараад байна. Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг эрхзүйн баримт бичигт Олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлж, нэвтрүүлнэ хэмээн тусгасан. Мөн Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой тусгасан эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох стандарт, хуулийн төслүүдийг боловсруулж батлуулахыг зорин ажиллаж байна” гэв.