Т.НЯМБАЯР: ГАДААДЫН НЭР ХҮНДТЭЙ ТӨСЛҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙСАН ИНЖЕНЕРҮҮДИЙН МЭДЛЭГ, ТУРШЛАГЫГ УБ МЕТРО ТӨСӨЛД НУТАГШУУЛНА

Япон Улсад метроны туннелийн инженерээр ажиллаж байгаад эх орондоо ирж УБ метро төслийн барилга, угсралтын ажлыг хариуцаж буй Тувааны Нямбаяртай ярилцлаа. Тэрбээр Токиогийн нийслэлийн их сургуулийг Зам гүүрийн инженерээр
Япон Улсад метроны туннелийн инженерээр ажиллаж байгаад эх орондоо ирж УБ метро төслийн барилга, угсралтын ажлыг хариуцаж буй Тувааны Нямбаяртай ярилцлаа. Тэрбээр Токиогийн нийслэлийн их сургуулийг Зам гүүрийн инженерээр 2019 онд дүүргэж, улмаар Японы Sumitomo Mitsui Construction компанид 6 жилийн турш ажилласны дараа ийнхүү монголдоо ирж, УБ метро төсөлд гар бие оролцон ажиллаж байна.
- Таны хувьд яагаад метроны инженер мэргэжлийг сонгосон нь сонин байна. Тэр дундаа туннелийн инженер гэдэг нь ямар онцлогтой мэргэжил вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
Миний хувьд, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг Механик инженер мэргэжлээр төгсөж, дараа нь Токиогийн нийслэлийн их сургуулийг Зам гүүрийн инженерээр магистрын зэрэглэлтэйгээр суралцаж дүүргэсэн. Сургуулиа төгсөөд 2019 онд Японы Сүмитомо Мицүй Констракшн компанид ажилд ороод удаагүй байтал монголд метро барихаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн л дээ. Яг тэр үед манай компани салбарууддаа шинэ мэргэжилтэн, инженерүүдийг хуваарилж байх үетэй давхацсан юм. Ингээд монголд метро төсөл хэрэгжих гэж байгаа учир метроны инженерээр ажиллах хүсэлтэй гэдгээ удирдлагууддаа илэрхийлснээр гадаадад ажиллах томилолт авч, туннелийн инженер болох суурь тавигдсан. Ажлын туршлагын тухайд, Японы томоохон төсөл болох Хоккайдогийн Хакодатэ гүүр, Сэндай хотод нүүрлэсэн гамшигт цунамигийн дараах нөхөн сэргээлт зэрэг бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон ажиллаж байсан нь маш их туршлага болсон доо. Мөн Вьетнам, Филиппинд гүүр болон метроны төсөлд ажиллаж байсан. Тодруулаад хэлбэл, Вьетнамын Хо Чи Минь хотын 19.7км урттай метроны төсөл, Филиппины Булакан мужид 14 км урттай гүүрний төсөл болон Манила метро төслийн туннелийн инженерээр ажиллаж байсан.
- Монголчуудын хувьд, метроны туннелийн инженер гэхээр шинэ ойлголт мэргэжил байх шиг байна?
Газар доорх байгууламж, ялангуяа зам, төмөр зам, метро, инженерийн шугам хоолойн зориулалттай туннель төлөвлөхөөс эхлээд барих, засварлах, ашиглалтад бэлтгэх бүхий л ажлыг туннелийн инженер хариуцна. Бүр тодорхой яривал, газар доорх геологийн нөхцөлийг судалж, хөрсний бүтэц, усны түвшин, газар хөдлөлтийн нөлөөг тооцохоос гадна туннелийн загвар, хэмжээ, барилгын аргачлалыг тодорхойлно. Цаашлаад барилгын технологи, аргачлал сонголт, TBM (Tunnel Boring Machine), өрөмдлөг, тэсэлгээ зэргийг ч тооцоолох мэргэжил юм.
- Японд метроны туннель барихад хамгийн түгээмэл ашигладаг технологи, тоног төхөөрөмж юу вэ?
Shield төрлийн нүхлэх машин (Tunnel Boring Machine, TBM) ашиглан нүх ухах технологи юм. Энэ арга нь хотын газар доорх газар болон ус ихтэй, хүн ам нягт бүсэд аюулгүй, үр ашигтайгаар туннель ухах боломжийг олгодог бөгөөд хамгийн өргөн тархсан технологи байдаг.
- Туннелийн технологи нь олон төрөл байдаг уу. Улаанбаатар хотын геологийн нөхцөлд ямар төрлийн туннелийн технологи хамгийн оновчтой байх вэ?
УБ Метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь судалгааг гаргасан. Манай улсын хувьд шинэ технологи бөгөөд 100% газар доогуур барих бүтээн байгуулалт болно. Ерөнхийдөө, Улаанбаатар хотын геологийн нөхцөл нь хучилтын ул суурь хөрс, хадан чулуулаг зэрэг янз бүрийн давхаргатай, геологийн нарийн хувьсалтай учир туннелийн технологийг сонгох нь оновчтой гэж бид үзсэн. Мөн УБ метро төслийг хэрэгжүүлэхийн тулд техникийн төлөвлөлт, судалгааг хийх хэрэгтэй. Энэ хүрээнд геологийн нөхцөл, хуучин шугам хоолой зэрэг асуудлыг судалж, шинэчлэх боломжийг бий болгох шаардлага бий.
- Япон Улс бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Тэр утгаараа метроны инженерчлэлийн систем нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг болов уу? Энэ талаар сонирхуулаач?
Японд газар хөдлөлт болон байгалийн гамшиг ихтэй учир барилгын салбарын ихэнх стандартууд нь олон улсын стандартаас өндөр бөгөөд JIS (Japanese Industrial Standards) стандарт нь аюулгүй байдлыг тэргүүнд тавьж ажилладаг. Энгийнээр тайлбарлавал, Японы метроны системд нь газар хөдлөлтийн хүчийг хурдан илрүүлэх автомат систем ажилладаг. Газар хөдлөлтийн дохио ирмэгц метроны галт тэрэг, Шинкансэн зэрэг хурдан галт тэрэгний үйлчилгээг шуурхай зогсоодог. Мөн газар хөдлөлтийн дараах цунамигийн аюулаас сэргийлж, оршин суугчдад тогтмол мэдээлэл өгч, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авдаг. Метроны станцууд болон төмөр замын эвдрэл гэмтлийг шалгах, засварлах ажиллагааг тогтмол, шуурхай явуулдаг. Эдгээр арга хэмжээг Японы газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог онцлогтой уялдуулан шууд хэрэгжүүлдэг нь улсынх нь аюулгүй байдлын гол үндэс болдог юм билээ.
- Томоохон мега төсөл амжилттай хэрэгжих үндэс нь багийн хамтын ажиллагаа, зохион байгуулалтын арга барилаас шалтгаалдаг. Япон Улсын хувьд ямар онцлог арга барилаар ажилладаг вэ, түүнийг нь монголдоо нэвтрүүлмээр шийдлүүд юу байгаа бол?
Ихэнх компани нь шинэ ажилтнуудаа хүндэтгэж, хамгийн түрүүнд байгууллагын соёлын талаар мэдээлэл өгч, удаад нь утсаар хэрхэн ярих, нэрийн хуудас хэрхэн солилцох, харилцагч компаниуддаа хэрхэн эерэг сэтгэгдэл төрүүлэх итгэлийг олж авах гэх мэт маш энгийн соёлуудыг түгээж байдаг. Ер нь л шат шатандаа мэдлэг мэдээлэл олгож, ахлах зэрэглэлтэй инженерүүд залуу үеэ хөтөлж, сургадаг. Мөн цагийг ягштал барьж, дотоод журмыг өндөр мөрддөг нь тухайн төсөл амжилттай хэрэгжих гол үндэс нь болдог юм билээ.
- Харин одоо танаас УБ Метро төслийн багийн тань талаар сонирхъё. Ер нь яагаад энэ төсөлд ажиллах болов?
Өнгөрсөн 2024 оны өвөл ээлжийн амралтаа аваад монголдоо ирээд байхдаа УБ Метро төслийн багийхантай уулзаж туршлага солилцох боломж олдсон юм.Улмаар бусад улс оронд ажилласан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа эх орондоо нутагшуулж, УБ Метро төсөлд ажиллахыг Хотын дарга Х.Нямбаатар санал тавьсны дагуу энэхүү төсөлд оролцоод явж байна. Миний хувьд үнэхээр сэтгэл, зүтгэлээ зориулаад ажиллах боломж олдсонд баяртай байгаа ч, маш их хариуцлагатай үе ирээд байгааг ухамсарлаад явж байна даа. Мөн Төслийнменежер Т.Мөнхдалайтай хамтран ажиллах болсон нь монголдоо ирэх нэг шалтгаан байсан бөгөөд тэрбээр Японд ажиллаж байгаад мөн л эх орондоо хийж бүтээх хүсэл, үнэ цэн өвөртлөн ирсэн нь бидний нэг үеийн залуусын хүсэл мөрөөдөл юм. Эх орныхоо хөгжилд гар бие оролцож, мэддэг чаддаг бүхнээ зориулах нь бидний үүрэг, хариуцлага, бас бахархал шүү дээ. Улаанбаатарт өнөөдөр мега төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж, гадаад дотоодод туршлага хуримтлуулсан манай багийн чадварлаг залуус сэтгэл шулуудан нэг баг болж зүтгэж явна.
Төслийн эхлэл, бэлтгэл ажлын үед багагүй сорилт тулгарах болов уу. Харин нэг эхэлчихвэл бүтээн байгуулалт өрнөж, нүдэнд харагдаад ажил урагшилчихна гэсэн итгэл үнэмшил дүүрэн байна.
- Төсөлд ажиллах инженер, техникийн ажилтныг бэлтгэх шаардлагатай юу?
Эх орон маань хүн болгонд эрх тэгш хүртээмжтэй хот байгаасай гэж би хүсдэг. Тиймээс инженер техникийн мэргэжилтэн олон байх эрэлт, хэрэгцээ ч их бий. Харин залуустаа дуулгахад, хэрэв та бүхэн мэргэжлээ сонгож амжаагүй бол, мөн эх орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй бол манай төслийн зүгээс санал болгож байгаа “2×2” хос дипломтой хөтөлбөрийг сонирхоорой гэж уриалж байна. НЗДТГ, ШУТИС, БНСУ-ын Халла их сургууль хамтран метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж, энэ жилээс элсэлт авч байгааг онцгойлон дуулгая.
Баярлалаа, амжилт хүсье.