АВТОМАШИН ТӨВТЭЙ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЛЭЭС ХҮН ТӨВТЭЙ ХОТ БОЛСОН ТҮҮХ- ЧЁНГЁЧОН ГОЛЫН СЭРГЭЭН ТОЖИЦУУЛАЛТЫН ТӨСӨЛ

2025.12.0854 үзсэн
АВТОМАШИН ТӨВТЭЙ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЛЭЭС ХҮН ТӨВТЭЙ ХОТ БОЛСОН ТҮҮХ- ЧЁНГЁЧОН ГОЛЫН СЭРГЭЭН ТОЖИЦУУЛАЛТЫН ТӨСӨЛ

Сөүл хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн үзүүлэлт нь 27,8 хувьтай байдаг бол Токио хот нь 7,5 хувь байдаг байна. Үүний нэг томоохон бүтээн байгуулалт нь Чёнгёчон бол Сөүл хотын төвийн хэсгээр 5.8 км үр

Сөүл хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн үзүүлэлт нь 27,8 хувьтай байдаг бол Токио хот нь 7,5 хувь байдаг байна. Үүний нэг томоохон бүтээн байгуулалт нь Чёнгёчон бол Сөүл хотын төвийн хэсгээр 5.8 км үргэлжлэх, нийт 292,000 м² талбайг хамарсан, байгальд ээлтэй, олон нийтийн хүртээмжтэй Сөүл хотын сэргээн шинэчлэлтийн төсөл юм.

Төсөл хэрэгжсэн хугацаа: 2002 оноос 2005 он хүртэл 3 жил 6 сарын хугацаанд хэрэгжиж дууссан.

Өмнө нь тулгамдаж байсан асуудал: Чёнгёчон голын дагууд 10 эгнээ авто зам, 4 эгнээ өргөгдсөн зам байсан тул хотын төвийг хоёр хэсэгт хувааж байв. Хотын хойд болон өмнөд хэсгийн холболт хангалтгүй байсан бөгөөд тухайн хэсгийн байгаль орчин, дуу чимээний бохирдол их болсноос үүдэн голын усны урсац болон чанар, хөрсний бохирдол үүсгэсэн. Мөн явган хүний зам талбай, зорчих орон зай багатай болсон байсан нь сөрөг үр нөлөө, асуудлуудыг бий болгосоор байжээ. 

Шийдэл: Чёнгёчон голын дагуу өдөрт 170,000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бөгөөд 10 эгнээ авто зам болон 4 эгнээ өргөгдсөн хурдны замыг бүрэн буулгах шийдвэрийг 2002 онд гаргасан. Шинэчлэн төлөвлөсөн энэ гудамж нь хувийн автомашины хэрэглээнээс илүү нийтийн тээврийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, явган хүнд чиглэсэн нийтийн талбайг бий болгосон.

Төслийн эрсдэл: Тухайн үед Чёнгёчон голын дагуух авто замын сүлжээний өдрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 168’000 машин/хоног байсан тул авто замын сүлжээг байхгүй болгосноор хотын хойд хэсэгт замын түгжрэл, хэт ачаалал үүсэх магадлалтай гэж үзэж байжээ. Мөн тухайн хэсгийн бизнес худалдааны байгууллага болон иргэдийн эсэргүүцэл их байсан. Чёнгёчон голд жилийн ихэнх хугацаанд усны хуримтлалгүйгээс тогтвортой хотын амралт, үйлчилгээний талбар үүсгэхэд хүндрэлтэй байсан.

Эрсдлийн менежмент: Хойд болон өмнөд талын холболтыг сайжруулахын тулд 22 гүүр, үүнээс 12 нь явган хүний гүүр, 10 нь автомашин болон явган хүний гүүр барихаар төлөвлөжээ. Мөн 5 метроны шугамтай явган хүний замын холболт хийж, 18 автобусны шугам нэмэгдсэн. Замын түгжрэлийг бууруулахын тулд хотын төвд автомашины хэрэглээг бууруулж, хурдны автобусны шугам нэмэгдүүлж, ачаа тээвэрлэх системийг сайжруулсан. Төсөл хэрэгжих хугацаанд Сөүл хотын захиргаанаас иргэд, бизнес эрхлэгчидтэй 4,200 гаруй уулзалт зохион байгуулж зөвшилцөлд хүрсэн байна. 

Чёнгёчон голын тогтмол урсгалыг бий болгохын тулд Хан гол болон хэд хэдэн метроны насос станцаас ус авч, боловсруулж насосоор шахан дундаж 40 см гүнтэй урсгалыг хангажээ. Голыг сэргээснээр усны урсгал хоорондын холболт дахин бий болж, Чонггёчён гол эцэстээ Жунграечон гол руу нийлж, улмаар Хан гол руу урсдаг бөгөөд эдгээр голын нийлдэг газарт орших намгархаг газруудыг экологийн хамгаалалттай бүс болгон тэмдэглэсэн. Бетон гудамж болон өндөрлөг авто замыг нураах явцад гарсан барилгын материалыг дахин ашигласан. Хуучин төмөр болон 95% бетон, асфальт хаягдлыг дахин боловсруулжээ.

Төслийн төсөвт өртөг: Чёнгёчон голын дагуух авто зам хэвээр үлдсэн бол авто замын засвар арчлалтыг хийхийн тулд 100 тэрбум вон ($90 сая ам.доллар) өртөгтэй, 3 жилийн турш засвар арчлалтыг хийх шаардлагатай болох байв. Энэ нь Чёнгёчон голыг сэргээх төсөлтэй харьцуулахад ойролцоогоор 289 тэрбум воноор ($260 сая ам.доллар) бага байсан ч, сэргээх ажил нь Чёнгёчон орчмын дахин хөгжүүлэлтэд урьд нь хийгдээгүй буюу 22 их наяд воны ($1.98 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалтын идэвхжүүлэгч хүчин зүйл болжээ. 

Төслийн үр нөлөө: Сөүл хот нь автомашин төвтэй хөгжлийн хандлагаас иргэдийн амьдралын чанар буюу хүн төвтэй үзэл баримтлалд шилжсэн. Төслийн үр дүнд 2003-2008 онд автобусны зорчигчдын тоо 15.1 хувиар, метроны зорчигчдын тоо 3.3 хувиар, явган хүний хөдөлгөөний идэвхийг 76 хувиар, замын хөдөлгөөний ачааллыг 45 хувиар тус тус нэмэгдсэн байна. 

Төслийн сургамж: Чёнгёчон голыг сэргээх ажилд эхнээс нь харааны бэрхшээлтэй болон хөдөлгөөний хязгаарлалтай хүмүүсийн хэрэгцээг тусгаагүй нь сургамж болсон. Гомдол, эсэргүүцлийн жагсаалын үр дүнд долоон газарт лифт суурилуулж, хөдөлгөөний асуудалтай хэрэглэгчдэд зориулж үнэгүй тэргэнцэр олгосон байдаг. Эдгээр шийдлийг сүүлд тусгаж өгсөн нь илүү өртөг, зардалтай болгосон түүхтэй.

 

Command Palette

Search for a command to run...