КУРИТИБА ХОТЫН ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС-Нийтийн тээвэр болон хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого

2026.01.1363 үзсэн
КУРИТИБА ХОТЫН ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС-Нийтийн тээвэр болон хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого

Бразил улсын Куритиба хот нь 1970-аад оноос эхлэн нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийн бодлогыг зоригтойгоор хэрэгжүүлж, дэлхий дахинд жишиг болсон хотын нэг болжээ. 1974 онд ашиглалтад орсон дэлхийн анхны Bus Rapi

Бразил улсын Куритиба хот нь 1970-аад оноос эхлэн нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийн бодлогыг зоригтойгоор хэрэгжүүлж, дэлхий дахинд жишиг болсон хотын нэг болжээ. 1974 онд ашиглалтад орсон дэлхийн анхны Bus Rapid Transit (BRT) систем нь зөвхөн тээврийн шийдэл байгаагүй, харин хотын хөгжлийг бүхэлд нь чиглүүлсэн стратегийн бодлого байсан аж. Тухайн үед Куритиба хот ойролцоогоор 600 мянган хүн амтай байсан бол өнөөдөр хотын хүн ам 1.8 сая, бүсийн хэмжээнд 3.8 саяд хүрсэн хэдий ч нийтийн тээвэрт суурилсан бүтцээр хяналтгүй тэлэлт, авто замын түгжрэлийг тогтвортой удирдаж чаджээ.

BRT системийг нэвтрүүлэх болсон гол шалтгаан нь 1960–1970-аад онд хүн ам огцом өсөж, хувийн тээврийн хэрэгсэлд суурилсан хотжилт давамгайлснаас үүдэн авто замын түгжрэл нэмэгдэх, хот зах руу замбараагүй тэлэх, нийгмийн тэгш бус байдал болон байгаль орчны бохирдол эрчимжсэнтэй холбоотой байв. Куритиба хот эдгээр асуудлыг өндөр өртөгтэй метро барих бус, харин илүү уян хатан, шат дараатай, санхүүгийн хувьд боломжийн шийдлээр шийдэхийг зорьсон нь BRT систем байлаа. Эхний жилдээ ердөө 20 км тусгай автобусны эгнээтэй, өдөрт 54 мянган зорчигч тээвэрлэж байсан энэ систем 2010-аад он гэхэд 80 км-ээс илүү урттай болж, өдөрт 2.4 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалд хүрсэн байна.

Куритибагийн BRT-ийн хамгийн чухал онцлог нь тээврийн бодлогыг газрын ашиглалт, бүсчлэл хот төлөвлөлтөөс салангид бус, нэгдмэл байдлаар хэрэгжүүлсэн явдал юм. Хотын гол тэнхлэгүүдийг BRT-ийн шугамаар тодорхойлж, эдгээр тэнхлэг дагуу өндөр нягтралтай орон сууц, үйлчилгээ, ажлын байруудыг төвлөрүүлснээр хүмүүсийг автомашин ашиглахгүйгээр ажил, сургууль, үйлчилгээний газруудад хүрэх боломжийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Куритиба хот өнөөдөр “Transit-Oriented Development (TOD)” гэж нэрлэгддэг ойлголтыг бий болохоос өмнө бодитоор хэрэгжүүлсэн хот юм.

Энэхүү амжилтын цаад философи нь “хот нь машинд бус, хүнд үйлчлэх ёстой” гэсэн зарчим байлаа. Хотын удирдлагууд, ялангуяа тухайн үеийн хотын дарга Жаиме Лернер богино хугацааны улс төрийн ашиг сонирхлоос илүү урт хугацааны хотын алсын харааг чухалчилж, явган хүний гудамж, нийтийн тээврийн давуу эрхтэй эгнээ, урьдчилсан төлбөртэй, хурдан зорчигч солилцоотой буудлууд зэрэг шинэлэг шийдлүүдийг богино хугацаанд хэрэгжүүлсэн нь олон нийтийн дэмжлэгийг авч чаджээ. Хоолой хэлбэрийн буудлууд, үндсэн (trunk) болон тэжээгч (feeder) маршрутын зохион байгуулалт нь метроны зарчимтай ойролцоо атлаа хамаагүй бага өртгөөр хэрэгжих боломжийг олгосон байна.

Өнөөдөр Куритибагийн BRT нь зөвхөн нэг хотын амжилтын түүх бус, харин дэлхийн 200 орчим хотод нэвтрүүлсэн нийтийн тээврийн системүүдийн сайн загвар болж, хот төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын чухал кейс хэвээр байна. Энэхүү туршлагаас харахад томоохон дэд бүтцийн шийдэл нь заавал өндөр өртөгтэй байх албагүй, харин уялдаа холбоотой бодлого, урт хугацааны алсын хараа, хүн төвтэй төлөвлөлт нь хотын амьдрах орчныг бодитоор сайжруулж чаддаг гэдгийг Куритиба хот тод харуулж байна.

Товчоор Куритиба хот нь нийтийн тээвэр болон хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор дараах асуудлуудыг урт хугацаанд амжилттай шийдэж чаджээ.
 Хүн амын огцом өсөлт, хотын захын хяналтгүй тэлэлт
 Хувийн тээврийн хэрэгсэлд хэт тулгуурласан хотжилт
 Өндөр өртөгтэй дэд бүтцийн шийдэл хэрэгжүүлэх санхүүгийн боломж хязгаарлагдмал байсан байдал
 Тээврийн бодлого болон газрын ашиглалт, хот төлөвлөлтийн бодлого хоорондын уялдаа сул байсан асуудал
 Байгаль орчны бохирдол (агаарын бохирдол, дуу чимээ, хүлэмжийн хийн ялгаруулалт) 

Зөвхөн тухайн үед тулгарч буй асуудлыг шийдээд орхих бус үе шаттайгаар урт хугацаанд энэхүү төлөвлөлт, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулсаар ирсэн. Жишээ нь:

1. Нийтийн тээврийн үйлчилгээ удаан, тав тухгүй байсан асуудал

Куритиба хотын BRT систем 1980–1990-ээд онд маш амжилттай хэрэгжсэнээр нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо огцом өссөн. Үүний улмаас гол коридорууд дээр автобуснууд байнга дүүрч, буудлын хүлээлт уртасч, зорчигчдын тав тух буурч эхэлсэн. Анх давуу тал байсан хурд, найдвартай байдал ачааллын дарамтад орж, үйлчилгээний чанарын талаарх шүүмжлэл нэмэгдсэн.
Шийдэл: Автобусны буудлын зохион байгуулалтыг илүү үр ашигтай болгоход анхаарч, зорчигчдын орох, гарах хөдөлгөөнийг саадгүй урсах боломжтой байдлаар дахин төлөвлөсөн. Үүний зэрэгцээ өглөө, оройн оргил цагийн зорчигчийн урсгалд тохируулан автобусны давтамжийг нэмэгдүүлж, хүлээлгийн хугацааг багасгах замаар системийн найдвартай байдлыг хадгалахыг зорьсон. Мөн 2000-аад оны эхнээс цахим тасалбарын системийг нэвтрүүлснээр тасалбар шалгах, төлбөр хураах үйл явцыг автоматжуулж, зорчигчдын суулт илүү хурдан, жигд болсон төдийгүй зорчих урсгалыг бодит өгөгдөлд тулгуурлан хянах, удирдах боломжийг бүрдүүлсэн.
Энэ үеэс эхлэн хотын захиргаа BRT-ийг нэг удаагийн барилга угсралтын төсөл биш, харин тасралтгүй сайжруулалт шаарддаг нийтийн үйлчилгээний систем гэж хүлээн зөвшөөрчээ.

2. Улс төрийн удирдлагын тогтворгүй байдал, бодлогын залгамж чанарын асуудал

Куритиба хотын BRT систем анх 1970-аад онд хэрэгжих үед хотын удирдлага хүчтэй манлайлал, тодорхой алсын хараатай байсан нь богино хугацаанд бодит үр дүн авчирсан. Гэвч цаг хугацааны явцад хотын дарга, удирдлагын баг солигдох бүрт нийтийн тээвэр болон хот төлөвлөлтийн бодлогын ач холбогдлыг харилцан адилгүйгээр ойлгож, зарим үед богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр давамгайлах хандлага ажиглагдаж эхэлжээ. Үүний улмаас BRT системийн шинэчлэл, засвар үйлчилгээний хөрөнгө оруулалт хойшлогдох, зарим бодлогын үргэлжлэл сулрах эрсдэл үүсэж, урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн байна.
Шийдэл: Энэхүү сорилтыг даван туулахын тулд Куритиба хот BRT болон түүнд суурилсан хот төлөвлөлтийн зарчмуудыг зөвхөн тухайн үеийн удирдлагын бодлого бус, хотын албан ёсны хөгжлийн стратеги, бүсчлэл, зохицуулалтын баримт бичгүүдэд тусган институтийн түвшинд баталгаажуулсан. Ингэснээр хотын удирдлага солигдсон ч нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн үндсэн чиглэл өөрчлөгдөхгүй, харин үргэлжлэн хэрэгжих нөхцөл бүрдсэн байна.

3. Хотын захын бүсийн иргэдийн үйлчилгээний хүртээмж муу байсан асуудал
Куритиба хотын хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр хотын захын бүсүүд тэлж, бага нягтралтай суурьшил олноор бий болсон нь нийтийн үйлчилгээний хүртээмжийн ноцтой ялгааг үүсгэж эхэлсэн. Хотын захад амьдарч буй иргэд ажил, боловсрол, эрүүл мэнд, захиргааны үйлчилгээ зэрэг хотын төвд төвлөрсөн үндсэн үйлчилгээнд хүрэхийн тулд урт хугацаанд, олон дамжлагаар зорчих шаардлагатай болж, энэ нь ялангуяа орлого багатай өрхүүдэд цаг хугацаа болон санхүүгийн нэмэлт ачаалал үүсгэж байв. Нийтийн тээврийн сүлжээ хотын захаас төв рүү чиглэсэн уялдаа сул байсан тул хотын захын бүсийн оршин суугчид автомашин ашиглахгүйгээр өдөр тутмын хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй нөхцөлд орсон.
Шийдэл: Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Куритиба хот BRT системийн үндсэн коридоруудыг хотын захын бүсүүдтэй холбосон шинэ BRT маршрутыг бий болгосон. Мөн нэг тасалбараар олон чиглэлд дамжин зорчих нэгдсэн тарифын бодлого нэвтрүүлснээр хотын захын иргэдийн зорчих зардал нэмэгдэхгүйгээр үйлчилгээний төвүүдэд хүрэх нөхцөл бүрдсэн. Үүний зэрэгцээ BRT-ийн дагуух бүсүүдэд үйлчилгээ, ажлын байрыг төвлөрүүлэх бодлого хэрэгжсэнээр хотын захын бүсийн иргэд заавал хотын төв рүү зорчих шаардлагагүй, ойролцоо коридорт хэрэгцээгээ хангах боломж нэмэгдсэн. 

Энэ үеэс эхлэн Куритиба хот нийтийн тээврийг зөвхөн хөдөлгөөний хэрэгсэл бус, харин хотын үйлчилгээний хүртээмж, нийгмийн тэгш байдлыг хангах бодлогын гол хэрэгсэл гэж үзэх болсон нь хотын зах ба төвийн ялгааг багасгахад чухал үүрэг гүйцэтгэжээ.


Сургамж, дүгнэлт
Куритиба хотын туршлагаас харахад хотын томоохон дэд бүтцийн шийдэл нь заавал өндөр өртөг шаарддаггүй бөгөөд оновчтой төлөвлөлт, уялдаа холбоотой бодлогоор илүү үр дүнд хүрэх боломжтойг харуулж байна. Тээврийн бодлого болон газрын ашиглалт, хот төлөвлөлтийг салангид бус, нэгдмэл байдлаар хэрэгжүүлснээр хотын хөгжлийг илүү зохион байгуулалттай, тогтвортой болгох нөхцөл бүрддэг. Мөн хотын хөгжлийг богино хугацааны шийдлээр бус, 40–50 жилийн алсын хараатайгаар төлөвлөх нь иргэдийн амьдралын чанарыг бодитоор сайжруулах үндэс болдог. Үүнээс гадна дэд бүтцийн төслийг зөвхөн барих үе шатанд төвлөрөх бус, ашиглалт, тасралтгүй сайжруулалттай уялдуулан хэрэгжүүлэх нь урт хугацааны өгөөж, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж
Curitiba 50 years of lessons: https://medium.com/vision-zero-cities-journal/curitiba-50-years-of-lessons-from-the-worlds-first-brt-1601696259c1
History of Curitiba — https://curitibacityplanning.weebly.com/history.html Curitiba, Brazil
Curitiba’s Urban Experiment, Master Plan (PBS) — https://www.pbs.org/frontlineworld/fellows/brazil1203/master-plan.html PBS
Curitiba overview (Wikipedia) — https://en.wikipedia.org/wiki/Curitiba Wikipedia
Population — https://www.macrotrends.net/global-metrics/cities/20205/curitiba/population
Curitiba – Urban Planning and BRT History https://en.wikipedia.org/wiki/Curitiba

 

Command Palette

Search for a command to run...