НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ ИРЭХ САРЫН 02-НД НЭЭНЭ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хотын хөгжлийг тэнцвэржүүлэх зорилготой “20 минутын хот” хөгжлийн концепцийн хүрээнд хэрэгжүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хотын хөгжлийг тэнцвэржүүлэх зорилготой “20 минутын хот” хөгжлийн концепцийн хүрээнд хэрэгжүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байна. Тус тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу EPC+F (Engineering, Procurement, Construction and Financing) хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нээх юм.
Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Нэгдүгээр тойрог замын төсөл нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5-д тусгагдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий тойрог замын сүлжээг бий болгох зорилготой стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Төслийн трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөгдсөн. Мөн 13 байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, 3 явган хүний гүүр, 4 нүхэн гарц барихаар тусгасан нь авто замын хөдөлгөөнийг саадгүй, аюулгүй зохион байгуулахад чиглэж байна.
Авто замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь 2 урсгалтай, нийт 6 эгнээтэй, тооцоот хурд 100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлэх үндсэн үүрэгтэй. Харин туслах гудамж зам нь 2 урсгалтай, 4 эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор зохион байгуулагдсан. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Трассын баруун хэсэгт Нэгдүгээр тойрог зам нь Хоёрдугаар тойрог замтай огтлолцож, урдаас хойд чиглэлд Баянхошууны гудамжтай холбогдоно. Уулын өндөрлөг хэсгийг туннелиэр нэвтрүүлэх шийдэл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих тав тухыг хангах ач холбогдолтой. Туннелийн нийт урт 2080 метр бөгөөд 2 тусдаа хонгилтой, 6 эгнээ замтай байхаар төлөвлөсөн.
Туннелиэр гарсны дараа замын трасс нь Хайлааст, 7 буудлын бүс-ийг дайран өнгөрч, 7 буудалтай огтлолцох хэсэгт олон түвшний уулзвар байгуулахаар төлөвлөжээ. Улмаар зүүн тийш чиглэн эмнэлэг, сургуулийн зориулалттай газруудын ойролцоогоор одоогийн замын чиглэл дагуу үргэлжилж, Сэлбэ голыг тойрон, Сэлбэ дэд төвийг дайран гарна. Гол гудамж зам нь Дарь эхийн замыг дайран өнгөрөх бөгөөд хоёр талд нь гарц гарган холбохоор төлөвлөсөн. Мөн трассыг сургуулийн бүсийг тойруулан, уулын бэл дагуу байрлуулснаар хот төлөвлөлт, аюулгүй байдлын уялдааг хангах шийдэл болжээ.
Төслийг хэрэгжүүлснээр шууд болон шууд бусаар нийт 14,160 ажлын байр бий болох бөгөөд үүнээс 3,540 нь байнгын ажлын байр байх тооцоо гарсан байна. Түүнчлэн агаарын бохирдолд нөлөөлөх 3,000 яндан буурах урьдчилсан тооцоолол хийгдсэн нь төслийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг илтгэж байна.