СТОКХОЛЬМ ХОТЫН ТҮГЖРЭЛИЙН ТӨЛБӨР

Швед улсын нийслэл Стокхольм хот нь Европт түгжрэлийн төлбөрийг бодитойгоор туршиж, амжилттай нутагшуулсан анхны хотуудын нэг юм. Энэхүү бодлого нь зөвхөн авто замын түгжрэлийг бууруулах техникийн шийдэл бус, харин хотын
Швед улсын нийслэл Стокхольм хот нь Европт түгжрэлийн төлбөрийг бодитойгоор туршиж, амжилттай нутагшуулсан анхны хотуудын нэг юм. Энэхүү бодлого нь зөвхөн авто замын түгжрэлийг бууруулах техникийн шийдэл бус, харин хотын хөдөлгөөний эрэлтийг удирдах, нийтийн тээврийг дэмжих, байгаль орчны сөрөг нөлөөг багасгах, урт хугацаанд хотын амьдрах орчны чанарыг сайжруулах стратегийн хэрэгсэл болсон юм. Стокхольм хотын түгжрэлийн төлбөрийн туршлага нь олон улсын түвшинд судлагдсан, нотолгоонд суурилсан бодлогын кейс болж, өнөөдөр олон хотод жишиг болон ашиглагдаж байна.
Стокхольм хотын төв нь усан суваг, олон арал бүхий газарзүйн онцлогтой тул авто замын сүлжээг өргөтгөх боломж хязгаарлагдмал байв. Энэхүү байгалийн орон зайн хязгаарлалт нь 1990-2000-аад оны үед хотын авто замын түгжрэлийг улам хурцатгасан гол хүчин зүйлүүдийн нэг болсон юм. 2006 оны байдлаар Стокхольм хотын хүн ам ойролцоогоор 780 мянга, харин Стокхольм мужийн хэмжээнд 1.9 сая орчим байжээ. Хотын төв болон түүнтэй ойролцоо бүсүүдэд ажлын байр, их дээд сургууль, үйлчилгээний гол төвүүд төвлөрсөн хэвээр байсан тул ажлын өдрийн өглөө, оройн оргил цагт хотын төв рүү чиглэсэн зорчилтын 60–70 хувь нь захын дүүргүүдээс үүсч байв.
Үүний улмаас хотын төв рүү чиглэсэн авто замууд өглөө, оройн оргил цагаар тогтмол хэт ачаалалд орж, зорчих хугацаа мэдэгдэхүйц уртасах, агаарын бохирдол нэмэгдэх, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал өсөх нөхцөл бүрдсэн байна. Ийм нөхцөлд Стокхольм хот авто замын багтаамжийг нэмэгдүүлэх уламжлалт аргаас татгалзаж, харин зорчилтын эрэлтийг удирдах (Travel Demand Management) бодлогыг сонгосон нь түгжрэлийн төлбөрийн систем байлаа.
Түгжрэлийн төлбөрийн туршилтыг 2006 онд 7 сарын хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд үүний дараа бүх нийтийн санал асуулга явуулж, иргэдийн олонхийн дэмжлэгийг авсны үндсэн дээр 2007 оноос байнгын систем болгон нэвтрүүлжээ. 2006 оны туршилтын үеэр түгжрэлийн төлбөрийг ажлын өдрүүдэд 06:30–18:29 цагийн хооронд хэрэгжүүлж, төлбөрийг цагийн ачааллаас хамааран 10–20 швед крон (ойролцоогоор 3,300–6,600 төгрөг) байхаар шаталсан байдлаар тогтоосон бөгөөд нэг өдөрт ногдох дээд төлбөрийг 60 швед крон (ойролцоогоор 19,800 төгрөг) байхаар хязгаарласан байна. Системийн үндсэн зарчим нь хотын төвийн тодорхой бүсэд автомашинаар нэвтрэхэд тухайн цагийн ачааллаас хамааран ялгаатай төлбөр ногдуулах явдал байв. Төлбөр нь өглөө, оройн оргил цагт өндөр, ачаалал багатай үед харьцангуй бага тогтоогдсон бөгөөд нэг өдөрт ногдох дээд хязгаартайгаар зохицуулагдсан нь иргэдэд хэт санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлсэн чухал шийдэл болжээ.
Түгжрэлийн төлбөрийн систем нэвтэрсний дараах үр дүн маш тодорхой илэрч байжээ. Хотын төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөн ойролцоогоор 20–25 хувиар буурч, улмаар гол замууд дээрх зорчих дундаж хугацаа 10–30 хувиар богиноссон бөгөөд зарим өндөр ачаалалтай коридорт саатал 50 хүртэл хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ агаарын бохирдол, ялангуяа азотын давхар исэл (NO₂) болон нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 10–15 хувиар багасч, хотын төвийн амьдрах орчны чанар мэдэгдэхүйц сайжирчээ.
Мөн түгжрэлийн төлбөрийн бодлого нь нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд нийтийн тээврийн зорчилт 5–6 хувиар өссөн нь тухайн үеийн Стокхольм хотын зорчилтын хэмжээнд шилжүүлбэл өдөрт дунджаар 100,000–130,000 зорчилт нэмэлтээр бий болгосон үзүүлэлт юм.
Стокхольм хотын энэхүү бодлогын бас нэгэн гол онцлог нь түгжрэлийн төлбөрөөс олсон орлогыг нийтийн тээврийн дэд бүтэц, замын аюулгүй байдал, хотын орчны сайжруулалтад хөрөнгө оруулсан явдал юм. Хотын түгжрэлийн төлбөрөөс бүрдэх орлого нь анхны жилүүдэд (2007 он орчим) жилд ойролцоогоор 700–800 сая швед крон (ойролцоогоор 230–265 тэрбум төгрөг) байсан бол, систем бүрэн тогтворжиж өргөтгөгдсөний дараа одоогийн байдлаар жилд дунджаар 1.4–1.6 тэрбум швед крон (ойролцоогоор 460–530 тэрбум төгрөг) орчимд хүрсэн байна. Үүний зэрэгцээ төлбөрийн системийн ашиглалтын зардал анхны жилүүдэд харьцангуй өндөр буюу орлогын 15–20 орчим хувь байсан бол, технологийн сайжруулалт, автоматжуулалтын үр дүнд 7–10 хувь хүртэл буурч, үлдсэн цэвэр орлого нь 100 хувь тээврийн болон хотын дэд бүтцийн сайжруулалтад чиглэгдэн ашиглагдаж байна. Ингэснээр иргэд төлсөн төлбөрөө “торгууль” бус, харин хотын үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт гэж хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгджээ.
Товчоор хэлбэл Стокхольм хот түгжрэлийн төлбөрийн бодлогоор дараах асуудлуудыг шийдвэрлэж чаджээ.
Хотын төвийн авто замын хэт ачаалал, түгжрэл
Агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөө
Хувийн тээврийн хэрэгсэлд суурилсан хөдөлгөөний давамгай байдал
Газарзүйн хязгаарлагдмал нөхцөлд замын сүлжээг өргөтгөх боломжгүй байдал
Нийтийн тээврийн өрсөлдөх чадвар сул байсан асуудал
Энэхүү түгжрэлийн төлбөрийн системийг хэрэгжүүлэх явцад олон төрлийн сорилтууд тулгарсан боловч Стокхольм хот эдгээр асуудлуудыг амжилттай даван туулж чаджээ.
1. Иргэдийн эсэргүүцэл, олон нийтийн дэмжлэг сул байсан асуудал
Түгжрэлийн төлбөрийг анх санал болгох үед иргэдийн дунд “шинэ татвар”, “иргэдэд дарамт учруулах бодлого” гэсэн ойлголт давамгайлж, эсэргүүцэл өндөр байв. Олон нийтийн дэмжлэг 40 хувиас доош түвшинд байсан нь бодлогыг шууд байнгын хэлбэрээр хэрэгжүүлэхэд эрсдэлтэй нөхцөл үүсгэжээ.
Шийдэл: Стокхольм хот системийг байнгын бус, эхлээд 7 сарын туршилтаар хэрэгжүүлж, автомашины хөдөлгөөн 20–25 хувиар буурсан, саатал 30–50 хувиар багассан зэрэг бодит үр дүнг иргэдэд ил тод харуулсан. Түүнчлэн санал асуулгаар иргэдийн шийдвэрийг хүндэтгэн баталгаажуулсан нь бодлогын хууль ёсны байдал, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлжээ.
2. Нийтийн тээвэр хүрэлцээгүй болох эрсдэл
Автомашины хэрэглээ буурснаар иргэд нийтийн тээвэрт шилжих нь тодорхой байсан ч тухайн үеийн метро, автобус, хотын галт тэрэг оргил цагийн ачааллыг даах эсэх нь тодорхойгүй байв.
Шийдэл: Стокхольм хот түгжрэлийн төлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон хэрэгжилтийн явцад нийтийн тээврийн үйлчилгээний бэлтгэл ажлыг зэрэг эхлүүлж, автобусны чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэл хийх, метро болон хотын галт тэрэгний уялдааг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
3. Технологийн нарийн зохицуулалт, системийн найдвартай байдлын асуудал
Хотын төвийн олон орц, гарц дээр автомашиныг зогсоолгүйгээр бүртгэх, төлбөрийг алдаагүй, шударга тооцох нь техникийн хувьд томоохон сорилт болсон. Төлбөрийн системийн алдаа, саатал гарвал бодлогын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй байв.
Шийдэл: Автомат дугаар таних (ANPR) технологид суурилсан бүрэн автомат төлбөрийн систем нэвтрүүлсэн. Ингэснээр жолооч автомашинаа зогсоох, хурдаа сааруулах шаардлагагүй болж, төлбөрийн бүртгэл ил тод, найдвартай болсон. Мөн системийн автоматжуулалтын ачаар ашиглалтын зардлыг урт хугацаанд харьцангуй бага түвшинд барих боломж бүрдсэн байна.
4. Орлогын зарцуулалтад итгэх итгэл сулрах эрсдэл
Хэрэв түгжрэлийн төлбөрөөс олсон орлого хотын ерөнхий төсөвт уусч, иргэдэд харагдахуйц үр ашиг өгөхгүй бол бодлогын дэмжлэг алдагдах эрсдэл үүсэхээр байв. Ялангуяа энэхүү төлбөрийг “шинэ татвар” гэж хүлээн авч байсан иргэдийн хувьд орлогын зарцуулалт ил тод, зорилтот байх шаардлага маш өндөр байсан.
Шийдэл: Стокхольм хот түгжрэлийн төлбөрөөс төвлөрсөн орлогыг нийтийн тээврийн дэд бүтэц, замын аюулгүй байдал, дугуйн зам, хотын орчны сайжруулалтад 100% дахин хөрөнгө оруулах зарчмыг баримталсан. Метроны шинэ шугам, нийтийн тээврийн сайжруулалт нь иргэдэд бодит үр өгөөж болж, бодлогын дэмжлэгийг хадгалахад чухал нөлөө үзүүлсэн.
Сургамж, дүгнэлт
Стокхольм хотын туршлагаас харахад хотын авто замын түгжрэлийг зөвхөн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар бус, тээврийн эрэлтийг удирдах замаар шийдвэрлэх бүрэн боломжтойг тодорхой харуулж байна. Бодлогыг туршилтын журмаар шат дараатай хэрэгжүүлж, олон нийтийн ойлголт, дэмжлэгийг бүрдүүлэн бодит үр дүнд тулгуурлан байнгын системд шилжсэн нь хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангах чухал нөхцөл болсон. Мөн түгжрэлийн төлбөрөөс төвлөрсөн орлогыг нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, амьдрах орчны чанарыг сайжруулах зорилтот байдлаар дахин хөрөнгө оруулсан нь бодлогын урт хугацааны үр нөлөө, олон нийтийн итгэлийг хадгалах үндэс болжээ. Энэхүү туршлагаар дамжуулан түгжрэлийн төлбөр нь богино хугацааны орлогын хэрэгсэл бус, хотын тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий бодлого болохыг харуулж чадсан байна.
Эх сурвалж:
1. Transport studies - The Stockholm congestion charges: an overview, Jonas Eliasson ,KTH Royal Institute of Technology
2. Tools of change highlight series - Stockholm Congestion Pricing
3. Urban access regulations - An overview of the Stockholm congestion charging scheme