НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУРИЛСАН ХӨГЖИЛ: СӨҮЛ ХОТЫН ЖИШЭЭ

2026.04.0771 үзсэн
НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУРИЛСАН ХӨГЖИЛ: СӨҮЛ ХОТЫН ЖИШЭЭ

БНСУ-ын Сөүл хот нь нийтийн тээвэр, ялангуяа метроны системтэй уялдуулан хөгжлийнхөө стратегийг төлөвлөсөн байдаг. Автомашины хамаарлыг бууруулах зорилгоор 1970-аад оноос эхлэн метроны буудлуудын орчимд өндөр нягтралтай,

БНСУ-ын Сөүл хот нь нийтийн тээвэр, ялангуяа метроны системтэй уялдуулан хөгжлийнхөө стратегийг төлөвлөсөн байдаг. Автомашины хамаарлыг бууруулах зорилгоор 1970-аад оноос эхлэн метроны буудлуудын орчимд өндөр нягтралтай, холимог ашиглалттай барилга байгууламжуудыг төлөвлөн хөгжүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, орон сууц, худалдаа үйлчилгээ, оффис, нийтийн талбай зэрэг олон төрлийн үйл ажиллагааг нэг дор багтаасан, нягтаршил ихтэй хот байгуулалтыг метро, хөнгөн галт тэрэг (LRT), тусгай замын автобус (BRT) зэрэг их багтаамжийн нийтийн тээврийн буудлаас 800 метр буюу ойролцоогоор 10 минутад алхах зайд төвлөрүүлэн хөгжүүлэх стратегийг баримталжээ.
Сөүл хот хэрхэн “Нийтийн тээвэрт тулгуурласан хот” болж хөгжсөн талаарх судалгааг танд сонирхуулъя.

Метроны сүлжээг байгуулсан түүх
Сөүл хот нь дайны дараах үе буюу 1960-аад онд хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас замын түгжрэлтэй нүүр тулсан байдаг. Иймд Сөүл хотын захиргаанаас “Метроны 4 шугамын мастер төлөвлөгөө”-г 1965 онд боловсруулж, хотын төмөр замд суурилсан иж бүрэн нийтийн тээврийн төлөвлөлтийг анх удаа дэвшүүлсэн юм.
Тухайн үед БНСУ-ын нэг хүнд ногдох үндэсний орлого ердөө 100 ам.доллар орчим байсан тул “Эдийн засгийн суурь сул нөхцөлд метро барих нь тансаг хэрэглээ” хэмээн Засгийн газраас нь үзэж, уг санаачилгыг эсэргүүцэж байв. Тиймээс метро байгуулах асуудал нь энгийн тээврийн төсөл бус, харин тухайн үеийн үндэсний аж үйлдвэржилт, хотжилтын бодлоготой шууд холбоотой томоохон сорилт болж байлаа.
Хэдийгээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан ч, тухайн үеийн Сөүл хотын дарга Ерөнхийлөгч Park Chung Hee-д энэхүү мастер төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд уг төлөвлөгөө нь тухайн үеийн ерөнхийлөгчийн “Шинэчлэлийн хөтөлбөр”-ийн нэг хэсэг болон батлагдаж, 1970 оны 04 дүгээр сард метроны 1 дүгээр шугамын барилгын ажил албан ёсоор эхэлжээ.
Санхүүжилт болон техник, технологийн тодорхой хүндрэлүүд байсан ч гадаадын инженерүүдийн оролцоотойгоор барилгын ажил үргэлжилж, 1974 онд Seoul Station – Cheongnyangni Station чиглэлийн шугам ашиглалтад орсон байдаг. Энэхүү шугам нь цаашид Gyeongbu Line-тай холбогдсоноор өнөөгийн нийслэл орчмын төмөр замын сүлжээний суурь тавигдсан юм.
Ийнхүү Сөүл хотын метроны сүлжээ 1970-аад оноос хойш тасралтгүй өргөжин хөгжиж, өнөөдөр хотын ихэнх бүс нутаг төмөр замын хүртээмжид хамрагдсан байна. Метро нь хотын төв болон дэд төвүүдийг холбосноор радиаль–дугуй хэлбэрийн сүлжээ бүрэлдэж, төмөр замын үйлчилгээний хүртээмжийн сул талууд аажим бүдгэрчээ.

Шинэ дэд төвүүдийг хөгжүүлж эхлэв
Сөүл хот 1960-аад оноос эхлэн газрын зохион байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогоор дамжуулан шинэ дэд төвүүдийн үндсэн бүтцийг бий болгож эхэлсэн. Улмаар 1980-аад онд орон сууцны томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлснээр Gangnam, Yeouido, Jamsil, Mok-dong зэрэг бүсүүдэд нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн суурь бүрджээ.
Сөүл хотын нийтийн тээвэрт суурилсан хөгжлийн санхүүжилтийн бүтэц
БНСУ-д газар хөгжүүлэлт болон тээврийн дэд бүтцийн барилгын ажлыг өөр өөр байгууллагууд хариуцдаг хэдий ч, эдгээрийг уялдуулсан “дөрвөн тулгуурт санхүүгийн бүтэц” (four-pillar fiscal framework)-ийг хэрэгжүүлснээр Сөүл хот харьцангуй бага хэмжээний төрийн шууд татаастайгаар өргөн хүрээний хотын төмөр замын сүлжээг байгуулж чадсан байна.
Анх 1993 онд “Тээврийн байгууламжийн тусгай сан” (Transport Facilities Special Account) байгуулагдаж, ингэснээр тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бүрэлдсэн. Энэ үед шатахуунд ногдуулж байсан онцгой хэрэглээний татварын тодорхой хэсгийг хуваарилан “тээврийн татвар” болгон өөрчилж, уг татварын орлогыг 100 хувь тусгай санд төвлөрүүлэх болсон. Ийнхүү бүрдсэн санхүүгийн механизмын ачаар Gyeongbu High Speed Railway зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж, авто зам болон төмөр замын дэд бүтцийн сүлжээ хурдацтай өргөжин хөгжсөн.
Улмаар 2007 онд “тээврийн татвар”-ыг шинэчилж, Тээвэр·Эрчим хүч·Байгаль орчны татвар (Transport·Energy·Environment Tax-TEET) болгон өргөжүүлсэн. Энэхүү татвар нь зөвхөн тээврийн дэд бүтцийг санхүүжүүлэхээс гадна эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны хамгааллыг дэмжих зорилготой татварын тогтолцоо болон хөгжсөн юм.

Төр-хувийн хэвшлийн түншлэл
БНСУ-д төр, хувийн хэвшлийн тогтолцоо 1994 онд албан ёсоор хуульчлагдсан ч, 1998 оны Азийн санхүүгийн хямралын дараагаас илүү идэвхтэй хэрэгжиж эхэлсэн. Үүний томоохон дэд бүтцийн нэг жишээ нь Инчон олон улсын нисэх буудлын төмөр зам (61 км, 2010 онд нээгдсэн, BTO), Сөүл метроны 9-р шугам (27 км, 2009 онд нээгдсэн, BTO) Yongin Ever Line хөнгөн галт тэрэг (18 км, 2013 онд нээгдсэн, BTO), Uijeongbu хөнгөн галт тэрэг (11 км, 2017 онд нээгдсэн, BTO) зэрэг юм.
Газрын үнийн өсөлтөд суурилсан санхүүжилт:
БНСУ-д газрын үнийн өсөлтөд суурилсан санхүүжилт болон хотын дахин хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон газрын үнэ цэнийн өсөлтийг буцаан татаж, хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад ашиглах арга механизмыг өргөн ашигладаг. Тухайлбал, газар эзэмшигчид өөрсдийн газрын тодорхой хэсгийг нийтийн зориулалтаар гаргаж, дэд бүтцийн хөгжүүлэлтийг хамтран хэрэгжүүлж байхад нөгөө хэсэг нь төрөөс газрыг худалдан авч, төлөвлөлтийн дагуу хөгжүүлэн, борлуулалтын ашгаар анхны хөрөнгө оруулалтаа нөхөх зарчимд тулгуурласан төр төвтэй хөгжүүлэлтийн арга юм.
Сөүл хот 1960–1980-аад онд хурдтай тэлж байх үед Газрын дахин төлөвлөлт (LR)-ийн аргыг түлхүү ашиглаж байсан бол, 1980–2000-аад онд шинэ хотуудыг төлөвлөн хөгжүүлэх үе шатанд Нийтийн зориулалттай газрын хөгжүүлэлт (PLD)-ийн арга давамгайлж байжээ.

 

Command Palette

Search for a command to run...