ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦУУД АШИГЛАЛТАД ОРСНООР ХОТЫН ЗАМЫН ХОЛБОЛТУУД САЙЖИРНА

2026.06.2618 үзсэн
ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦУУД АШИГЛАЛТАД ОРСНООР ХОТЫН ЗАМЫН ХОЛБОЛТУУД САЙЖИРНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилгоор Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд газар чөлөөлөлт,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилгоор Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа юм.

Нэгдүгээр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарц нь Найрамдлын замыг Товчооны замтай холбоно. Одоогийн байдлаар нүхэн гарцын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн гарц дээгүүр баригдах 90 метр урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтын бэлтгэлийг хангажээ. Түүнчлэн явган хүний болон дугуйн замын ажлыг бүрэн дуусгасан байна. Тус гүүрэн байгууламж ашиглалтад орсноор явган зорчигчид төмөр замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан орчинд аюулгүй зорчих боломж бүрдэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэдэд зориулсан налуу замтай байхаар төлөвлөжээ.

Хоёрдугаар байршил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явц одоогийн байдлаар 26 хувьтай үргэлжлэн явагдаж байна. Энэ байршилд 28 метр урт, 5 метр өндөр туннель, 1.48 километр авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсны дараа хоногт ойролцоогоор 27,500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гэж тооцоолжээ.

Гуравдугаар байршил болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, "Гермес" худалдааны төвийн урд хэсэгт Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн байгууламжийг box jacking буюу түлхэж оруулах технологиор суурилуулах үндсэн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд одоо барилга угсралтын дараагийн үе шатны ажлуудыг хийж байна.

Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцууд ашиглалтад орсноор хотын баруун бүсийн авто замын сүлжээний холбоосууд сайжирч, төмөр замын гармын хүлээлтээс үүдэлтэй түгжрэл буурахын зэрэгцээ автомашин, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал нэмэгдэнэ.

Command Palette

Search for a command to run...