water

ГОЛЫН УРСАЦ НЭМЭГДЭХ, ХУР ТУНАДАС ЭЛБЭГ ЖИЛҮҮДИЙН МӨЧЛӨГ 2017 ОНООС ХОЙШ ДАХИН ЭХЭЛЖ БУЙ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА

2026.08.0414 үзсэн
ГОЛЫН УРСАЦ НЭМЭГДЭХ, ХУР ТУНАДАС ЭЛБЭГ ЖИЛҮҮДИЙН МӨЧЛӨГ 2017 ОНООС ХОЙШ ДАХИН ЭХЭЛЖ БУЙ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА

Улаанбаатар хотын үерийн аюул нь Туул, Сэлбэ, Улиастай голын үер болон хур борооны уруйн үер гэсэн үндсэн хэлбэрээр илэрдэг. Эдгээр нь хур тунадасны хэмжээ, гол мөрний урсацын олон жилийн мөчлөг, уулын жижиг сав газрын у

Улаанбаатар хотын үерийн аюул нь Туул, Сэлбэ, Улиастай голын үер болон хур борооны уруйн үер гэсэн үндсэн хэлбэрээр илэрдэг. Эдгээр нь хур тунадасны хэмжээ, гол мөрний урсацын олон жилийн мөчлөг, уулын жижиг сав газрын ус зүйн онцлогтой нягт холбоотой байдаг. Судалгааны дүнгээс үзэхэд Туул голын 435 жилийн ус зүйн мэдээлэлд элбэг устай үе нийт хугацааны 34.7 хувийг, бага болон татруу устай үе 65.3 хувийг эзэлж байна. Гэвч 2017 оноос хойш голын урсац нэмэгдэх, хур тунадас элбэг жилүүдийн мөчлөг дахин эхэлж буй хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2023–2024 онд тохиолдсон дараалсан үерүүд энэхүү өөрчлөлтийн илрэл аж.

Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 1904–2024 оны хугацаанд нийт 28 удаагийн томоохон үер бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд үерийн давтамж ойртож, дараалсан жилүүдэд тохиолдох болсон нь хотжилтын эрчимжилт, үерийн эмзэг байдал, хур тунадасны эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор байгалийн болон хүний хүчин зүйлийн хавсарсан гаралтай эрсдэлийг улам өсгөж байна. Ялангуяа 1966, 1982, 2003, 2009, 2023 оны томоохон үерүүд хүний амь нас, дэд бүтэц, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан. Үерийн хор уршиг нь зөвхөн цаг агаарын хүчин зүйлээс бус, үерийн татамд суурьшил үүссэн, хот төлөвлөлтийн алдаа, үерийн хамгаалалтын байгууламжийн хүчин чадлын хүрэлцээгүй байдал зэрэг хүний үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг эдгээр тохиолдлууд харуулж байна.

Цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ оны намрын 9 болон 11 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын дундаж температур сэрүүн байх төлөвтэй байна. Үүний улмаас Хэнтийн нуруунаас эх авдаг Туул гол болон түүний цутгал болох Сэлбэ, Улиастай, Тэрэлж, Гачуурт зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэх эрсдэл өндөрсөж болзошгүй юм. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Гол, сайр, хуурай ам, үерийн татам бүсэд түр буудаллах, суурьшихаас зайлсхийх, Цаг агаар, усны түвшний мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол хянах, Их хэмжээний хур тунадасны үед голын эрэг, татам дагууд зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.

Шийдэл: “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл

Үер бол урьдчилан сэргийлэх боломжтой гамшиг юм. Тиймээс Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн хүрээнд хүрээнд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөгдсөн. “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр  Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах төв магистраль шугам баригдаж үерийн эрсдэл буурч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах  нөхцөл бүрдэнэ.

Эхний ээлжинд хэрэгжих 9 байршлын Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  хурлаар хэлэлцэн дэмжсэн. Одоогийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг магадлалаар оруулж, баталгаажуулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. "Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх төсөл"-ийн байгаль орчин, нийгмийн стандартын баримт бичиг боловсруулах ажил мөн 90 хувьтай үргэлжилж байна.

Эх сурвалж: НТУГ -ын Усны менежмент, үерийн эрсдлийг бууруулах төсөл

 

 

 

Command Palette

Search for a command to run...